Энэ удаагийн нийтлэлээр Өндөр буюу Хүчтэй нөлөөтэй Форексын мэдээний жагсаалт (List of High Impact Forex News)-ыг хүргэж байна.
Хөрөнгө оруулагчид болон арилжаачид эдийн засгийн үзүүлэлтүүд (indicators)-ийг маш анхааралтай ажиглаж байдаг. Эдийн засгийн үзүүлэлтүүд зарлагдахад валютын зах зээлд шууд нөлөөлж хэлбэлзлийг бий болгодог.
- Тэргүүлэх (leading)
- Давхцах (coincident)
- Хоцрох (lagging)
Тэргүүлэх (түрүүлэх, урьдчилсан) үзүүлэлт (индикатор) нь эдийн засгийн өөрчлөлтөөс өмнө өөрчлөгддөг бөгөөд ямар зүйл тохиолдож болох талаар бодит өөрчлөлтөөс өмнө зарим урьдчилсан санаа буюу таамаглалыг өгдөг.
Давхцах үзүүлэлт (индикатор) нь тухайн цаг хугацаанд бодитоор тохиолдож байгаа өөрчлөлтийн талаарх ойлголтыг өгдөг.
Хоцрох үзүүлэлт (индикатор) нь үйл явдал бодитоор тохиолдсоны дараа өөрчлөлтийн мэдээллийг өгдөг (мэдээллээр хангадаг). Тиймээс хоцрох үзүүлэлт (индикатор) нь урьдчилсан таамаглал гаргахад бараг (огт) хэрэггүй.
Бодлогын хүүгийн түвшний шийдвэр (interest rate decision) бол маргаан байхгүй форексын зах зээлийг хөдөлгөгч гол хүчин зүйлүүдийн нэг юм. Гэсэн хэдий ч Холбооны Нөөцийн Сан (Fed) мөнгөний бодлого дээр шийдвэр гаргахын өмнөх хурлуудаараа эдийн засгийн бусад хэд хэдэн үзүүлэлтийг нягталж үздэг. Улмаар валютаараа форекс арилжаа хийх эсвэл хөрөнгө оруулалт хийх эсэхэд доор дурдсан хүчтэй нөлөөтэй мэдээнүүдийн жагсаалт чухал ач холбогдолтой.
1. Interest Rate Decision - Бодлогын Хүүгийн Түвшний Шийдвэр
Бодлогын Хүүгийн Түвшний Шийдвэр (Interest rate decision) нь дэлхий дээрх форекс маркет буюу гадаад валютын зах зээлийг хөдөлгөдөг. Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороо (Federal Open Market Committee - FOMC) нь АНУ-ын эдийн засгийн ерөнхий байдлыг үнэлэх зорилгоор олон тооны эдийн засгийн өгөгдлийг авч хэлэлцдэг. Шинжилгээнд тулгуурлан Холбооны Нөөцийн Сан нь Бодлогын хүүг өсгөх, буруулах эсвэл өөрчлөхгүй орхих гэх мэт арга хэмжээг авдаг (хэрэгслийг ашигладаг).
2. Gross Domestic Product (GDP) - Дотоодын Нийт Бүтээгдэхүүн
Эдийн засгийн бүх үзүүлэлтүүдийн дундаас Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (Gross Domestic Product (GDP)) нь хамгийн чухал ач холбогдолтой үзүүлэлтүүдийн нэг юм. Энэ нь АНУ-ын эдийн засгийн төлөв байдлыг харуулдаг. Дотоодын Нийт Бүтээгдэхүүн ДНБ-ий мэдээлэл (мэдээ) нь ерөнхийдөө улирал бүрийн сүүлийн өдөр гардаг. Энэ нь өмнөх улирлын эдийн засгийн үйл ажиллагааг харуулдаг. ДНБ нь улирлын туршид АНУ-ын үйлдвэрлэсэн бүх бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний нийлбэр эсвэл нийт мөнгөн дүнг илэрхийлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн улсын хил дотор байгаа бүх үйлдвэрлэлийг оруулж тооцдог ба олон улсын үйл ажиллагаа буюу гадаадад байгаа тухайн улсын иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг оруулж тооцдоггүй. ДНБ-ий мэдээ зарлагдахад харах хамгийн чухал зүйл нь өсөлтийн түвшин (хувь) юм.
3. Consumer Price Index (CPI) - Хэрэглээний Үнийн Индекс
Хэрэглээний Үнийн Индекс (Consumer Price Index (CPI))-ийн тайлан нь Инфляцийн түвшинг хэмжихэд өргөн хэрэглэгддэг. Өмнөх сарын өгөгдөл нь ойролцоогоор сар бүрийн 15-ны өдөр гардаг. Хэрэглээний Үнийн Индекс (XҮИ) нь нэг сараас нөгөө сар хүртэлх хэрэглэгчдийн худалдаж авсан өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар өөрчлөгдөж буйг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр бус нийт өрхөөр тооцогдсон үнийн дундаж өөрчлөлтийн хэмжээг харуулдаг.
4. Retail Sales - Жижиглэн Худалдаа
Жижиглэн Худалдаа (Retail Sales)-ны өгөгдөл нь жижиглэнгийн үйлдвэрлэлийн борлуулсан барааны хэмжээг харуулдаг бөгөөд үүнд орон нутгийн жижиг дэлгүүрээс эхлээд том сүлжээ дэлгүүрийн борлуулалт багтдаг. Өгөгдлийг улс даяарх жижиглэнгийн дэлгүүрүүдийн багц (олонлог)-аас санамсаргүй сонгож цуглуулдаг. Өмнөх сарын жижиглэн худалдааны өгөгдөл нь ойролцоогоор сар бүрийн 12-ны өдөр гардаг. Жижиглэн худалдааны тайлан нь нэлээд ач холбогдолтой тул дахин дахин хянагдсаны дараа эцсийн тоо нь гардаг.
5. Employment and Unemployment Rate - Ажил эрхлэлт ба ажилгүйдлийн түвшин
Сар бүрийн баасан гариг Ажил эрхлэлт ба ажилгүйдлийн түвшин (Employment and Unemployment Rate)-ийн мэдээний мэдэгдэл гардаг. Энэ мэдэгдэл нь ажилгүйдлийн түвшин (нийт ажиллах хүчинтэй ажилгүйчүүдийн тоог харьцуулсан хувь), шинээр үүссэн ажлын байрны тоо, нэг цагийн дундаж цалин зэргийг багтаадаг. Энэ тайлан гарахад зах зээл дээр чухал ханшийн хөдөлгөөнүүд бий болдог.
6. Nonfarm Payrolls Data - Хөдөө аж ахуйн бус салбаруудын ажил эрхлэлтийн мэдээ
Хөдөө аж ахуйн бус салбаруудын ажил эрхлэлтийн мэдээ (Non-farm payrolls data) нь хөдөө аж ахуйн салбарыг оруулахгүйгээр өмнөх сард ажил эрхэлж байсан хүмүүсийн тооны өөрчлөлтийн хэмжээг илэрхийлдэг. Бүрэн ажил эрхлэлт нь Холбооны Нөөцийн үүргүүдийн нэг бөгөөд үүн дээр хөрөнгө оруулагчид маш анхаарал хандуулдаг. Хэрвээ тайлан нь шинжээчдийн таамаглалаас өндөр үзүүлэлттэй бол Америк доллар (USD)-ын ханш ихэвчлэн чангардаг. Эсрэгээрээ тайлан нь урьдчилсан таамаглалаас сул бол USD-ын ханш сулардаг.
7. Industrial Production Index - Аж үйлдвэрийн салбарын Үйлдвэрлэлийн Индекс
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (Industrial Production Index)-ийн өмнөх сарын мэдээлэл нь ойролцоогоор сар бүрийн 16-ны өдөр Үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтын тайлан (capacity utilization report)-тай хамт зарлагддаг. Энэхүү тайлангийн тоо баримт нь сарын бүрийн уурхай, үйлдвэр, цахилгааны станц зэргийн үйлдвэрлэсэн барааны түүхий эдийн хэмжээн дээр үндэслэн гардаг. Мөн түүнчлэн сонин, тогтмол хэвлэл, ном зэрэг хэвлэлийн бизнесийг уламжлал ёсоор аж үйлдвэрлэлийн салбар гэж авч үздэг. Олон төрлийн аж үйлдвэрийн хүчин чадлын тооцоог нэгтгээд төрөл бүрийн бизнесийн хүчин чадлын ашиглалттай харьцуулан тооцоолж аж үйлдвэрийн мэдээллийг гаргадаг. Аж үйлдвэрийн Үйлдвэрлэлийн мэдээллийг давхцах (coincident) үзүүлэлт гэж үздэг.
8. Trade Balance - Худалдааны Тэнцэл
Ойролцоогоор сар бүрийн 19-ний өдөр тухайн сараас өмнөх хоёр сарын Худалдааны Тэнцлийн мэдээлэл (Trade Balance Data) гардаг. Хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчид АНУ-ын эдийн засгийн төлөв байдлыг шалгахын тулд худалдааны тэнцлийн мэдээллийг ашиглаж хэмжилт хийдэг. Худалдааны тэнцлийн тайлан нь дэлхийн бусад орнуудтай хэрхэн харилцаж байгаа тухай харилцааны мэдээллийг өгдөг. Худалдааны тэнцлийн тайлан нь өмнөх сараас томоохон өөрчлөлттэй гарвал ихэвчлэн зах зээлийг хөдөлгөдөг (савлуулдаг). Хэрвээ худалдааны тэнцэл хэвээр эсвэл унасан байвал хөрөнгө оруулагчид баяртай байдаг. Учир нь энэ нь экспорт нэмэгдэж байгааг илэрхийл буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл экспортын компаниуд илүү их бүтээгдэхүүн борлуулж, тэдний орлого нэмэгдэж байгаа гэж ойлгож болно.
9. Producer Price Index - Үйлдвэрлэгчийн Үнийн Индекс
Үйлдвэрлэгчийн Үнийн Индекс (Producer Price Index) нь Хэрэглээний Үнийн Индекстэй хамт гардаг бөгөөд инфляцийн талаарх чухал ач холбогдолтой мэдээллийг өгдөг. Энэ тайлан нь өмнөх сарын мэдээллийг сар бүрийн хоёрдох долоо хоногт мэдээлдэг. Үйлдвэрлэгчийн Үнийн Индекс (ҮҮИ) нь бараа бүтээгдэхүүний бөөний үнийн хэмжүүр юм. Үйлдвэрлэгчийн Үнийн Индекс нь үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн болон худалдсан бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг юм. Харин Хэрэглээний Үнийн Индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар өөрчлөгдөж буйг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр бус нийт өрхөөр тооцогдсон үнийн дундаж өөрчлөлтийн хэмжээг харуулдаг. Товчоор ҮҮИ нь үйлдвэрлэгчийн барааг үйлдвэрлэхэд зарцуулсан төлбөр, ХҮИ нь хэрэглэгч барааг худалдаж авахад төлсөн төлбөр.
10. Durable Goods Orders - Удаан эдэлгээтэй Барааны Захиалга
Удаан эдэлгээтэй Барааны Захиалга (Durable Goods Orders)-ын тайлан нь хувь хүмүүс урт хугацааны барааг худалдан авахад зарцуулж байгаа мөнгө (хөрөнгө)-ний хэмжээг илэрхийлдэг. Удаан эдэлгээтэй бараа гэдэг бол гурван жилээс дээш хугацааны эдэлгээтэй бараа юм. Энэ тайлан нь ойролцоогоор сар бүрийн 26-ны өдөр зарлагддаг бөгөөд үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн гүйцэтгэлийн талаарх зарим ойлголтыг өгдөг.
11. Consumer Confidence Index - Хэрэглэгчийн Итгэлийн Индекс
Хэрэглэгчийн Итгэлийн Индекс (Consumer Confidence Index (CCI)) нь сар бүрийн сүүлийн Мягмар гаригт зарлагддаг бөгөөд АНУ-ын эдийн засгийн төлөв байдал болон иргэдийн зарцуулалтын хэмжээ зэргээс хамааруулан ирээдүйд итгэх хэрэглэгчийн итгэл (хүлээлт) ямар байгаа талаарх мэдээллийг харуулдаг. Хэрвээ хүмүүс орлогын тогтвортой байдлын талаар илүү итгэлтэй байвал илүү их худалдан авалт хийх магадлал өндөр байдаг.